Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

2017-12-08

ДАРХАН СУМЫН НУТГИЙН  УДИРДЛАГЫН
БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ


Эрхэм төлөөлөгчид өө!


    Дархан хотын анхны суурийн чулууг “Бурхантын хөндий”-д 1961 оны 10 дугаар сарын 17-нд  тавьсан нь Дарханчуудын түүхийн хуудасны эхлэл болж их  бүтээн байгуулалт нүргэлж эхэлсэн тэртээ 1962 оны 10 дугаар 23-нд  хотын анхдугаар чуулган хуралдаж, Дархан хотын иргэдийн төлөөллийн байгууллагын анхны суурь тавигдаж, орон нутгийн төрийн эрх барих анхны Хурлын байгууллага гал голомтоо бадраасан түүхтэй.
          1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр явагдсан анхны ардчилсан 3 шатны хурлын байгууллагын сонгуулиар сонгогдсон сумын Ардын Хурлын депутатууд 1994 оны 8 дугаар  сарыг  хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж, энэ бүрэн эрхийн хугацаагаар Ардын Хурлын байгууллагын түүх дуусгавар болж, ИТХ-ын байгууллагын хөгжлийн үе эхэлсэн түүхтэй.
    1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар орон нутгийн удирдлагын тогтолцоо цоо шинэ агуулгаар баяжигдаж “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх” эрх зүйн үндсийг тогтоож өөрөө өөрийгөө удирдах үндсэн зарчмыг “Иргэдийн Төлөөлөгчдийн хурал” хэмээсэн байгууллагаар төлөөлүүлсэн байдаг.
    Улсын хэмжээнд орон нутгийн удирдлагын шинэ бүтэц тогтолцоо бий болсон боловч Дархан хот 1994 оны 8 дугаар сар хүртэл хуучин статусаараа байсан.
УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан хотыг  Дархан-Уул аймаг гэж нэрлэн АДХ-ыг ИТХ, АДХ-ын Гүйцэтгэх Захиргааг  ЗДТГ болгон 7 хороо захиргааг  4 сум, ОСГ-ны 33 хороог 24 баг болгож, Хот, хорооны  депутат нь аймаг, сумын хурлын төлөөлөгчөөр солигдож ажилласан байдаг.
            Монгол улс 1992 онд баталсан Шинэ үндсэн хуулиараа Орон нутгийн төвлөн удирдах зарчмыг өөрчилж, Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг сонгон авсан бөгөөд орон нутгийн удирдлага нь НӨУЁ-ыг, Төрийн удирдлагатай хослуулах зарчмаар хэрэгжинэ гэсэн Үндсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлсэн.
         Дархан хот аймаг, сум болон өөрчлөн зохион байгуулагдсанаар орон нутгийн сонгууль явагдаж  Дархан сумын ИТХ-ыг сонгох 1 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр болж, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 80 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Н.Жигжидсүрэнг сонгож, сумын Засаг даргад Т.Цэвэгмидийн нэрийг дэвшүүлж, томилуулан ажиллуулснаар удирдлагын шинэ бүрэлдэхүүн бий болж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.  Энэ Хурлын бүрэн эрхийн хугацаа 2 жил үргэлжилсэн бөгөөд Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Ш.Алтанцэцэг ажиллаж байлаа.
    Хурлын байгууллагын бүрэн эрх сонгуулиас сонгуулийн хооронд хэрэгжиж, шинээр нэр дэвшигдэн сонгогдож, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого, чиглэлээ гаргаж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг боловч түүний үйл ажиллагааны залгамж чанар, уламжлал шинэчлэл ямагт хадгалагдаж байдаг нь төрийн ажлын нэг онцлог байдаг билээ.


ИТХ-ын сонгуулийн 7-н удаагийн бүрэн эрхийн хугацаанд нийт 242 төлөөлөгч сонгогдсоноос 4 удаа Ж.Балжинням,  3 удаа  Д.Тожил, Р.Урангуа, Г.Дамчаа 2 удаа сонгогдсон,  Ч.Цэрэннадмид, Д.Цэрэндаваа, Д.Жамбалдорж, Б.Бадамханд, Д.Туяа, Б.Төгөлдөр, Т.Чимгээ, Б.Лхагвасүрэн нар  байна.
Сумынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн үе үеийн хурлын Төлөөлөгчдөдөө чин сэтгэлийн хүндэтгэл өргөж, аз  жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сумын ИТХ-аас Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд  сонгогдон орон нутгаа хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийн амжилт бүтээлийг үнэлж Монголын нутгийн удирдлагын Холбооны шагналаар шагнаж урамшуулах гэж байна.
Саяхан буюу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монголын Нутгийн Удирдлагын Холбооноос  уламжлал болгон зохион байгуулдаг  "Орон нутгийн шилдэг удирдагч"  шалгаруулах ёслолын арга хэмжээг  Улаанбаатар хотод зохион байгуулж орон нутгаа хөгжүүлэх, хүн арддаа үйлчлэх үйлчилгээг өргөтгөн сайжруулах, эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд олон жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажилласан "Орон нутгийн шилдэг удирдагч" –аар Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням дарга нар шалгарч шагналаа гардаж  авсаныг дуулгахад таатай байна. Баяр хүргэе.
 ИТХ-ын сонгуулийн 7 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон Төлөөлөгчдөөс нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгоход оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ажилласан  Я.Бат-очирыг Монгол Улсын БСШУСЯ-ы “жуух” бичгээр, Равдандоржийн Урангуа, Ч.Цэрэннадмид нарыг  МНУХ-ны дээд шагнал “Соёмбо” одонгоор,  Б.Төгөлдөр, Б.Даваасамбуу,  нарыг “Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан”  цол, тэмдгээр, С.Мөнхзул, Г.Мөнхцэцэг нарыг МНУХ-ы “Өргөмжлөл”-өөр, Б.Баясгалан, М.Батбаяр нарыг Дархан сумын Засаг даргын “Жуух” бичгээр,  шагнаж урамшуулж  байна.
Сум, орон нутгаа хөгжүүлэх, аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж, удаа дараа иргэд, сонгогчдынхоо итгэлийг хүлээн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон Нутгийн удирдлагын Холбооны шагналаар шагнагдсан Төлөөлөгчдөдөө Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэндийг Монголын НУХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс хүргэж ажлын өндөр амжилт хүсье.  


Анхаарлаа хандуулсанд баярлалаа.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%