Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 100 хүүхдийг хүлээн авах боломж бүхий 4 бүлэг шинээр нээгдэн хүүхдүүдээ авлаа. Шинээр нээгдсэн 4 бүлэгт 6,7 р багийн харъяалалтай 2-5 насны хүүхдүүд хамрагдаж байгаа юм. Энэ 2 багт цэцэрлэгийн насны нийт 1000 орчим хүүхэд байдаг.Бүгдийг нь биш ч боломж нөхцөлөө ашиглан аймаг сумаас цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаад эцэг эхчүүд талархалтай хандаж байна. Дархан сумын 3 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг болон нээгдэж байгаа энэ бүлгүүдийн анги танхимын засварыг "Зориг" конструктор компани гүйцэтгэсэн бол тоног төхөөрөмж, эд хогшил нийлүүлэх ажлыг "Арлын ам" компани хийж гүйцэтгэжээ."Улсын төсвөөр 100 хүүхдийн цэцэрлэг барьж байгуулахад дунджаар 1 тэр бум гаруй төгрөг шаардагдаж байгаа бол ингэж сургууль цэцэрлэгийн доторх анги танхимын ашиглалтыг сайжруулан шинээр бүлэг нээхэд түүнээс 10 дахин бага зардал зарцуулж байгаа юм. Энэ нь маш их хөрөнгө хэмнэж байна гэсэн үг" гэж Дархан сумын Засаг дарга Б. Азжаргал хэлэв.Дархан сумын 1 дүгээр сургуульд шинээр нээгдсэн бүлгүүдээс гадна энэ жил улсын төсвийн хөрөнгөөр Дархан сумын 1-р багт 150, 15-р багт 100, 8-р багт мөн 100 хүүхдийн цэцэрлэг нэмж баригдаж байна. Дархан суманд төр хувийн хэвшлийн нийт 30 цэцэрлэгт 5200 гаруй хүүхэд хамрагдаж байна гэсэн статистик бий. Энэ нь нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 81,1 хувь нь СӨБ-д хамрагдаж байна гэсэн үг. Цаашид энэ үзүүлэлтийг 100 хувьд хүргэхээр аймаг сумын удирдлагууд анхааран ажиллаж байна.






