“Хот орчмын мал бүхий иргэдийн суурьшлийн бүс”-ийн талаархи асуудалд олон нийтээс санал авах нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгууллаа.Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн мэргэжилтэн, аймгийн Захирагчийн албаны дарга, мэргэжилтнүүд, НААҮГ-ын дарга, Дархан сумын ИТХ-ын дарга, Хурлын нарийн бичгийн дарга, хурлын Тэргүүлэгчид, Дархан сумын Засаг дарга, тус сумын олон нийтийн байцаагч нар, багийн Засаг дарга нар, мал бүхий иргэд, малын эмч нар болон СӨХ-дын дарга, үйлчлэгч нар, иргэдийн төлөөлөл бүхий нийт 71 хүн оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд Дархан хотын ногоон байгууламжийн арчлал хамгаалал, цаашид анхаарах асуудлын талаар аймгийн НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм мэдээлэл хийлээ. Дараагаар нь Хот орчмын мал бүхий иргэдийн суурьшлийн бүс, тулгамдаж буй асуудлын талаар Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн Захирагчийн албаны дарга Д.Батжаргал нар тус тус мэдээлэл хийсэн юм. Дархан суманд жилийн эцсийн Статистик мэдээгээр 75000 мал тоологдсон. Эдгээр малын 70 орчим хувь нь Сэлэнгэ аймгийн Сайхан, Хушаат зэрэг бусад аймаг сумын нутагт оршдог.Хотын ногоон байгууламжийг малаас хамгаалах ажлыг зохион байгуулсаар 14 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд 2 удаа ИТХ-ын шийдвэр гарч, тодорхой журамд өөрчлөлт орж байсан. Журам нь цаг хугацаатай уялдаж, авах арга хэмжээ, хүлээлгэх хариуцлага нь нэлээн боловсронгуй болсон. 2012 онд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жил 427 толгой малыг хашсан байна. Шинэ жилийн өмнө нэг сарын хугацаатай аян зарлаж, 62 толгой мал хашсан байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн тоотой хэдхэн айлын мал хот руу байнга орж ирдэг. Дархан сумын 7, 8-р баг, 15-р баг, 1-р багийн зарим айлууд, үйлдвэрийн толгойн айлуудын мал орж ирнэ. Иймд мал бүхий иргэд малаа байнга хариулгатай байлгах талд анхаарах хэрэгтэй гэж үзэж байлаа.


